ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ХУМИХ ЗОРИЛГООР ИРЭХ БЯМБА ГАРИГААС БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖИНЭ

5.png

Засгийн газар ээлжит бусаар хуралдаан өнөөдөр /2021.04.08/ болж, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо.

Нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын улаан түвшин тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгав.

Тархвар судлаачдын тооцоолсноор энэ сарын дунд үе гэхэд өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцоолол гаргасан байна.

Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд голомтыг хумьж тархалтыг хязгаарласнаар эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд Засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа.

Дээрх хугацаанд:

  • Иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй.
  • Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байхыг Засгийн газар уриаллаа.
  • Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрт 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож, өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхлэхээр шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм.

Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс 2021 оны 05 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг вакцины эхний тунд, 50-иас доошгүй хувийг хоёрдахь тунд хамруулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

scroll to top