ЗӨВЛӨМЖ: ХҮЙТНИЙ УЛИРАЛД ХӨЛДӨЛТ, ОСГОЛТООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

-хүйтэн.png

Сүүлийн үед Коронавирусийн цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж, гэртээ байгаа иргэд амралтын өдрүүдээр уулын амыг зорьж, хүүхдүүдээ салхилуулах нь ихсэж байна.

Үүнтэй холбогдуулан агаар салхинд гарахдаа хүүхдийг дулаан хувцаслах, тоглох аюулгүй орчныг бүрдүүлэх, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, олон хүнтэй газар очихгүй байж, хүний бөөгнөрөл үүсэхээс зайлсхийх, автомашин техник ашиглан чаргыг уяж холбон хүүхдийг тоглуулахгүй байх, гулгаж байгаа зам, талбайд эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа чангатган бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлнэ үү.

Хүйтний эрч хараахан буураагүй байгаа энэ үед иргэд та бүхэн өөрсдийгөө болон гэр бүлийнхээ гишүүдийг дулаан хувцаслаж хөлдөлт, осголтоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж, дараах зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

Насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл /зүрхнээс тархи руу урсах цусны 15%/ цус урсан тэжээлээр хангадаг бол даарах тохиолдолд биеийн дулааны 7-10%-ийг алдаж, гүрээний судас нарийсч, цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна. Ингэснээр дараах эрүүл мэндийн сөрөг нөлөөг үзүүлдэг:

  • Архаг өвчин сэдрэх
  • Ой тогтоолт муудах
  • Тархиар хатгуулж өвдөх
  • Мэдрэлийн суурь өвчин үүсэх
  • Хараа сонсгол муудах
  • Стресст өртөж ажлын чадвар буурах
  • Нулимс гоождог болох
  • Хуйхны эрүүл орчин алдагдах
  • Нойр муудах
  • Үс хуурайшиж өнгөө алдах

Тиймээс өвлийн улиралд тогтмол малгай өмсөх, дулаан хувцаслах нь тархи толгойны болон бусад өвчнөөр өвчлөх эрсдэл буурах юм.

Иргэд та бүхэн дулаан хувцсаа тохируулж өмсөн шаардлагагүй бол гэртээ байхыг хүсье!

scroll to top