ОЙРЫН ӨДРҮҮДЭД ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ ҮҮ!

safe_image-2.jpg

Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ангилж ирсэн билээ. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс  эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг. Энэ нь нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч, хавартай золгодог гэж үздэг байсан цаг агаарын байдлыг тодорхойлдог нэгэн арга байжээ.

Балчир ес эхлээд удаагүй байгаа энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээг хүргэж байна.

2020 оны 12 дугаар сарын 21-нээс 12 дугаар сарын 28-ныг хүртэл ихэнх хугацаанд нутгийн зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн жавартай байна. 26-наас хүйтний эрч нэмж чангарна.

Хур тунадас: 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд 7-12 м/с, 22, 26, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Иймд иргэд та бүхэн хүйтний эрч чангарахтай зэрэгцэн галлагаа эрчимждэг тул хүйтнээс урьтаж яндангаа хөөлөөрэй. Мөн угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлж, угаар мэдрэгчээ тохиромжтой, зөв газар байрлуулаарай.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, гэртээ байх, мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр цоожилж орхихгүй байж, тог цахилгааны болон гал түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй!

scroll to top