Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Завхан, Увс, Хөвсгөл аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо орсон.

   Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.  

Улаанбаатархотод: Үүлшиж, үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Амиа хорлолт /аврах/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Түмэн-Өлзий” хороололын 761 дүгээр байрны 3 дугаар давхарт Иргэн У /32 настай, эрэгтэй, согтуу/ амиа хорлох үйлдэл хийж болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг 08.11-ний өдрийн 03:57 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15 км замыг туулан 04:17 цагт очиж, задаргааны багаж ашиглан хаалгыг онгойлгож, тухайн иргэн биенийхээ цээж хэсгийг хутгаар зүсэж, амиа хорлож болзошгүй байсныг таслан зогсоож, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

3.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны /Аймгийн төвөөс зүүн зүгт 86 км-т/ Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль 7х14 метрийн хэмжээтэй хичээлийн 1 давхар модон байшин шатаж байна гэсэн мэдээллийг 08.10-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Орон нутгийн 100 хүн, 3 автомашинтайгаар ажиллаж унтраасан. Мэдээллийн дагуу ажлын хэсэг (Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа З.Баттулгаар ахлуулсан 3 алба хаагч, 1 автомашин) тус тосгонд очиж ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top