Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос 6-11 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал:  25-27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн хойд хагаст дуу цахилгаантай бороо орно.Салхи ихэнх нутгаар 7-12 м/с, 27,28-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 25-наас нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Дорнод, Дарьгангын тал нутаг болон  говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 04:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3,5 км замыг туулан очиж, 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н /67 настай, эмэгтэй/-ийн зүүн, баруун гуя бага зэрэг түлэгдсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Утаажилтын бүсээс 24 иргэнийг гаргасан.

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Гурван хүүхэд” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 56 км-т/ хаваржаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 12 алба хаагч, Хилийн 0130 дугаар ангийн 11 алба хаагч, нийт 23 алба хаагч, 2 автомашинтай 56 км замыг туулан очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багт 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 12:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан очиж, 23 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайхан багт 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 14:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан очиж, 1 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 19:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Усанд автсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт 10 айл үерийн усанд автсан тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 19:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1  автомашин, 1 мотопомптой 2 км замыг туулан 19:57 цагт очиж, 01:37 цаг ажилласан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цогцос гаргах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “Говь” ХХК-ийн бохир ус дамжуулах станцын худаг руу ажилтан болох Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 02:15 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4,5 км замыг туулан очиж бохир ус дамжуулах станцын худгаас цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т/ “Дэлгэр мөрөн” голд 2 хүн сэлж байснаас тус сумын Үерт багийн харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 14 алба хаагч, ар гэрийн 10 хүн, нийт 24 хүн, 4 автомашин, 2 завьтайгаар 07.23-ны өдрийн 08:00 цагаас тус сумын “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Хүүшийн таг”, “Хатуугийн булан”, “Хилэнтийн гүүр”, “Өндөр хясаа”, “Хүүшийн булан”, “Баян эрхэт”, Тосонцэнгэл сумын “Бэлхийн давааны-Ам” гэдэг газар нийт 36 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 5-6 метрийн гүнд 4 удаагийн гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 07.24-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top