Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Орхон, Өвөрхангай, Увс, Төв, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, Дорнод Монголын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос 7-12 м/с, 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 24, 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд зарим газраар, 27-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 24,25-нд нутгийн хойд хэсгээр, 26,27-нд нутгийн баруун хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанОрхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 11:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 11:10 цагт очиж, 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 13:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 13:07 цагт очиж, иргэн Т-гийн эзэмшлийн цайны газрын гал тогооны таазны хэсэг, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд иргэн Б-гийн жолоодож явсан “Камери” загварын суудлын автомашины тоормос ажиллахгүй болсны улмаас автозамын зорчих хэсгийн хажуу тал руу онхолдож, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 10:41 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 38 км замыг туулан 11:08 цагт очиж, иргэн Б /41 настай, эрэгтэй/ “Камери” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Эмнэлэг болон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Ховд” голд тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн оршин суугч иргэн Ж /27 настай, эмэгтэй/ 07.02-ны өдрийн 14:20 цагийн орчим “Ховд” голд живсэн тул 07.02-10-ны өдрүүдэд тус аймгийн Онцгой байдлын газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байсныг 07.17-ны өдрөөс дахин үргэлжлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, ар гэрийн 3 хүн, нутгийн захиргааны байгууллагын 4 ажилтан, нийт 12 хүн, 3 техник хэрэгсэлтэй 07.21-ний өдрийн 08:00 цагаас 2 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 1 дүгээр бүлэг тус сумын Ховд гол багийн “Соёмбот-Уул” гэдэг газраас Бугат сумын Буга багийн “Бригадын төв” гэдэг газар хүртэл 25 км-т завиар урсаж, 4 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийж, зангуу хаях, тэмтрэх аргаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 2 дугаар бүлэг Өлгий сумын “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 30 км-т автомашинаар, 10 км-т явганаар “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.22-ны өдөр “Ховд” голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, дэд хурандаа Б.Батбилэгийн шийдвэрээр 08.05-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т/ “Дэлгэр мөрөн” голд 2 хүн сэлж байснаас тус сумын Үерт багийн харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 15 алба хаагч, ар гэрийн 11 хүн, нийт 26 хүн, 5 автомашин, 3 завьтайгаар 07.22-ны өдрийн 08:00 цагаас тус сумын “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Хилэнтийн гүүр” гэдэг газар хүртэл “Дэлгэр мөрөн” голын эрэг дагуу 11 км-т явганаар,  “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Хилэнтийн гүүр”, “Өндөр хясаа”, “Хүүшийн булан” гэдэг газар хүртэл 20 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-5 метрийн гүнд 6 удаагийн гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 07.23-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд бетон зуурагчийн бункерт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 16 км замыг туулан 18:27 цагт очиж, “Ган-тэсном” ХХК-ийн ажилтан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Л /29 настай, эрэгтэй/ JS-500 загварын суурин бетон зуурагчийн бункер дотор цэвэрлэгээ хийх явцад тус байгууллагад шинээр ажилд орсон туслах ажилтан иргэн Н санамсаргүйгээр бетон зуурагчийг ажилуулсанаар иргэн Л хөл хэсгээрээ бетон зуурагчийн хутгуурт хавчуулагдаж гаргаж чадахгүй байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлж Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top