Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын зарим нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 21-26 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын талаар 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи өмнөөс 6-11 м/с, 30-32 градус дулаан байна.

Төлөв байдал:  23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур  16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 26-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд цайны газрын барилга шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 07:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 07:05 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт эзэнгүй хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний 15:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 15:33 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороонд 6.5х7 метр хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 22:03 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 22:11 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Хар-Усан тохойн” задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 23:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 13 км зам туулан 23:10 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн “Харуугийн жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 205 км-т/ ойн түймэр 06.19-ний өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, 1 автомашин, сумын ЗДТГ-ын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 4 автомашин, нийт 42 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, түймрийг 06.21-ний өдрийн 07:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 2 га  талбай шатсан./

Хээрийн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн “Морин давлан”  гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.21-ний өдрийн 19:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 4 морьтой иргэн унтраахаар ажиллаж 06.22-ны өдрийн 06:30 цагт унтраасан. Уг гал түймэрт 1 га талбай шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат багийн “Хонгорын-Ар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т, Сайхан сумын төвөөс хойд зүгт 63 км-т/ тус сумын харьяат иргэн Г-гийн охин Х /3 настай, эмэгтэй/ Орхон голын эрэг дээр тоглож байгаад живсэн тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  14 алба хаагч, сумын Цагдаагийн хэсгийн 4 алба хаагч, сумын ЗДТГ-ын 15 ажилтан, ар гэрийн 5 иргэн, нийт 35 хүн, 6 автомашинтай Орхон голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.21-ний өдрийн 17:50 цагт осолдсон газраас зүүн зүгт 20 км, тус багийн “Дулааны-Өвөр” гэдэг газраас уснаас цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Дундгүүр багийн “Өргөн намаг” гэдэг газар /сумын  төвөөс хойд зүгт 3 км-т/ “Сант баян бэрх” ХХК-ийн 10 ажилтан, 2 автомашинтай зугаалж байснаас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Х /41 настай, эрэгтэй/ Зэлтэр голын усанд живсэн тухай дуудлагыг 06.21-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар Зэлтэр голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:45 цагт осолдсон газраас цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Завхан аймгийн Сантмаргац сумын Холбоо багийн “Мэргэн шанаа” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 2 км-т/“Холбоо” нуурын усанд тус сумын харьяат иргэн Б /23 настай, эрэгтэй/ 06.21-ний өдрийн 14:30 цагт живсэн тухай тухай дуудлагыг мөн өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.22-ны өдрийн 07:45 цагт цогцсыг 3 метрийн гүнээс олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top