Баярлалаа, Онцгой баатрууд минь

GJ1A9211.jpg

Гал, ус, байгалийн гамшиг, халдварт өвчин гээд юунаас ч айдаггүй яваад л орчихдог хүмүүс бол Онцгой байдлын албаны алба хаагчид…

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байсан түүхтэй. Энэ жил 15 жилийн ойтойгоо золгож буй Онцгой байдлын албаны алба хаагчдад “Баярлалаа” хэмээн талархах олон шалтгаан бий.

Тэдний 15 жилийн хугацаанд бүтээсэн түүх, урсгасан хөлс, гаргасан эр зоригийг үнэлж, хэмжих боломжгүй… 15 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 17012 эрдэнэт хүний амь нас, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг азран хамгаалжээ. Энэ бол нэг томоохон сумын хүн ам, 300 цэцэрлэг барих хэмжээний мөнгө билээ.

Хэрэв, тэд аварсан 17012 хүнээсээ нэг л хүнийг амийг аварч чадаагүй бол хэдэн хүүхэд өнчирч, хэдэн хүний зүрх сэтгэл эзгүйрэх байсан бол гээд хүн тус бүрээр нь бодоод үзвэл хэмжээлшгүй их бодрол, тооцож боломгүй сэтгэл, хайр, хөдөлмөр…

Саяхан даа, гол бүрэн гэсч амжаагүй байхад Заамар суманд алтны уурхайд осол гарч дөрвөн сайхан залуу нурангид дарагдаж, нууранд живж амь эрсэдсэн. Тэгэхэд Онцгой байдлын алба хаагчид амь биеэ үл хайрлан 10 хоног олон удаагийн шумбалт хийж, олон метрийн гүнд эрэл хайгуул хийж байж осолдсон дөрвөн иргэний цогцсыг гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн билээ. Хүүгээ, ханиа, аавыгаа, ахыгаа харамсалтайгаар алдсан ар гэрийнхэн нь тэгж нэг бага ч гэсэн сэтгэлээ дэвтээсэн. Тэр хүйтэнд, уйгагүй хөдөлмөрлөж, тэдгээр залуусыг эрж хайх ажлыг Онцгой байдлын албаны аврагчаас өөр хэн хийж чадах байсан гэж…

Галд шатаж буй айлаас хүн аварсан энгийн хүмүүсийг бид энэ цагийн баатар мэт хүндэлж алдаршуулдаг. Өдөр бүр шахуу үхлээс хүний амь авардаг аврагчдад харин тэр бүр баярлалаа гэж хэлдэг билүү… Бид хэлдэггүй, тэд хэлээч гэдэггүй…

Олон цаг цуцталаа улаан гал сөрж, үерийн устай тэмцээд ялбал тэд чимээгүйхэн л хөлсөө арчаад сая болоод өнгөрсөн зүйлээс өөрөө амьд үлдсэндээ бус амийг нь аварсан хүмүүсээ бодон инээмсэглэдэг байх. Тэгээд урам орж, дараагийн тэмцэлдээ орох зоригоор ирлэгддэг байх…

15 жилийн хугацаанд эдгээр чимээгүй инээмсэглэж, зоригоор ирлэгддэг баатруудаас 28 нь тэнгэрт дэвшжээ. Тэд өөр өөрсдийнхөөрөө өглөөг эхлүүлж, эхнэртээ, ээждээ үнсүүлээд, хүүгээ, охиноо үнэрлээд албандаа явсан. Гэхдээ гэртээ эргэж хариагүй. Албан үүргээ гүйцэтгэхээр гараад гэртээ хариагүй тэдний араас гэр бүлийнхэн нь харамссан ч тэд харамсаагүй байх…

Амьдралынхаа сүүлийн хоромд өөр хэн нэгнийг аварч, хамгаалахаар явсан болохоор, утга учиртайгаар амьдралаа төгсгөж байгаа болохоор, хүмүүст хайрлагдаад дуусч байгаа болохоор тэд харамсаагүй байх…

“Эх орноо батлан хамгаалахад амь бие үл хайрлана” хэмээн тангараг өргөж, түүндээ үнэнч зүтгэдэг ч хэзээ ч аюулаас зугтаж, хэн нэгний араас орж, хойш суудаггүй бас тэгээд хэцүү хэмээн халирч, ялархдаггүйд чинь баярлалаа, “Онцгой’ баатрууд минь…

Эх сурвалж: newspress.mn

scroll to top