Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цагаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 8-13 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус,  бусад нутгаар 19-24 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 8-13 м/с. 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 8-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 7-нд говь талын нутгаар, 9, 10-нд Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААНН-ийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хан-Жим” ХХК-ийн хөөсөнцөрийн үйлдвэрийн барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06:05-ны өдрийн 17:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км зам туулан 17:28 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Туул”-ын 22 дугаар гудамжинд иргэн Т-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн хаалга шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 10:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 13 км зам туулан 10:21 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулгийн 1 дүгээр гудамжинд иргэн М-ын гэр, С-ийн  7х8 метрийн хэмжээтэй  байшингийн хана, хураалтай машины сэлбэг тус тус  шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 12:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4.5 км зам туулан 12:53 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Бага-Арцат” гэдэг газар  /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ малчин Д-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 13:40 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн 10 дугаар гудамжинд иргэн Б-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 15:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2,5 км зам туулан 15:10 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар  хороо, “Айцын даваа”-нд Улаанбаатар- Зуунмод чиглэлийн авто замын зорчих хэсэгт том оврын ачааны автомашин мөргөлдөж төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 06.05-ны өдрийн 21:57 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 16 км зам туулан 22:15 цагт очиход Багануур дүүргийн харьяат иргэн Г /38 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Норд бенз” загварын хүнд даацын ачааны автомашин, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /42 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Хово 371” загварын ачааны автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж анхны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Үйлдвэрлэлийн осол:

Бичил уурхайн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 100 км / “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол- Уул уурхай” ХХК-ийн ажилтан Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хово 371” загварын өөрөө буулгагч /60 тонн/ автомашин уурхайн ухаш руу унаж, осолдсон тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 2 алба хаагч, ҮАБ-ын 3 алба хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 3 автомашин, 1 завь, аймгийн Цагдаагийн газрын 1 алба хаагч, 1 автомашин, аймгийн МХГ-ын 1 ажилтан, Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 1 албан хаагч, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь “Шарын гол” ХК-ийн 10 ажилтан, 2 автомашин, “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн 61 ажилтан, 14 хүнд даацын техник, 9 автомашин, “Их мэлмий” хамгаалалтын албаны 9 ажилтан, 2 автомашин, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан, 1 автомашин, нийт 115 хүн, 14 хүнд даацын техник, 22 автомашин, 2 завьтайгаар ажиллаж байна. 06.05-ны өдрийн 23:00 цагийн байдлаар 11 аврагч, 20 метрийн радиуст нийт 4 удаагийн шумбалт хийсэн. 1250 м3 ус татах хүчин чадалтай насос-2, 630 м3 хүчин чадалтай насос-2, 400 м3 хүчин чадалтай насос-4, 150 м3 хүчин чадалтай насос-1, нийт 9 насосоор 21515 м3 /нийт 308453 м3/ усыг гадагшлуулж, нуурын усны түвшин нийт 14.6 метрээр буурсан, одоогоор усны түвшин дунджаар 2 метрийн гүнтэй байна. 8 ширхэг насосыг нуурын гүн рүү шилжүүлэн суулгахад 160 м3 талбай засаж,  20:10 цагт ажиллагааг түр зогсоосон. Ослын голомт дахь “Хараа-1” холбооны хөдөлгөөнт зангилгаа болон “Хараа”, “Ерөө” холбооны суурин зангилгаатай 12:10, 18:05, 20:15, 22:05 цагуудад богино долгионы радио холбоогоор, 10:32, 12:51, 12:59, 16:16, 18:24 цагуудад утсан холбоогоор холбогдож мэдээ, мэдээлэл солилцож ажилласан. 06.06-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товогийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 243 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн М /13 настай, эмэгтэй/ 2018 оны 08.07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2018 оны 08.08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 59 иргэн, 1 автомашин, 24 мотоцикл,  21 морь, нийт 73 хүн, 3 автомашин, 24 мотоцикл, 21 морьтой 2018.08.08-13-ны өдрүүдэд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр зогсоосон. Тус аймгийн Цагдаагийн газрын 06.04-ний өдөр гаргасан хүсэлтээр аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч 1 автомашин, Цагдаагийн газрын 8 алба хаагч, 1 автомашин, хилийн 0257 дугаар ангийн 2 алба хаагч, 1 мотоцикл, 1 нохойтой, орон нутгийн 15 хүн, 1 автомашин, 4 мотоцикл, нийт 31 хүн, 3 автомашин, 5 мотоцикль, 1 нохой, 1 завьтайгаар ажиллаж, 06.05-ны өдрийн 22:00 цагийн байдлаар тус багийн ““Товогийн түрүү” гэдэг газраар 10 км-ийн тойрогт машинтайгаар, шугуйн салаалсан гол, цөөрөм, нууранд 4 удаа шумбалт хийж, завьтай 3 км-т усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:10 цагт түр зогсоосон. 06.06-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top